|
Санхүүгийн тайлангийн аудитын зорилго ба баримтлах ерөнхий зарчмууд Энэхүү АОУС-ын зорилго нь санхүүгийн тайлангийн аудитын зорилго болон баримтлах ерөнхий зарчмуудын талаар стандарт тогтоож удирдамжаар хангахад оршино. Санхүүгийн тайланг материаллаг бүх үзүүлэлтээр санхүүгийн тайлагналын тогтсон баримтлалд нийцүүлж бэлтгэсэн эсэх талаар санал дүгнэлтээ илэрхийлэх боломжийг аудиторт олгоход санхүүгийн тайлангийн аудитын зорилго оршино.
Санхүүгийн тайлангийн аудитад холбогдох ёс зүйн шаардлагуудАудитор нь аудитын ажилд холбогдох ёс зүйн шаардлагуудыг дагаж мөрдөх ёстой. Аудитор нь аудитыг АОУС-ын дагуу гүйцэтгэнэ. АОУС нь үндсэн зарчим, гол горимуудын тайлбар болон хавсралт бусад материалыг агуулсан байна. Аудитор нь АОУС-ыг дагаж мөрдөхдөө “Аудитын Практикийн Олон Улсын Мэдэгдэл”/АПОУМ/-ийг мөн харгалзан үзнэ. АПОУМ нь АОУС-ыг дагаж мөрдөхөд нэмэлт гарын авлага, практик зөвлөмж болдог. Аудитор нь АОУС-д нийцүүлэн гаргасан өөрийн орны стандарт, дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөнө.
Аудитын хамрах хүрээ “Аудитын хамрах хүрээ” гэж аудитын зорилгод хүрэхийн тулд АОУС-д үндэслэн тухайн нөхцөл байдалд шаардлагатай гэж үзсэн аудитын горимуудыг хэлнэ. Аудитор нь аудитын горимуудыг тодорхойлохдоо тухайн аудитад холбогдох АОУС-ыг харгалзана. Тухайн улсын хууль, дүрэм, журам нь АОУС-аас өөр тохиолдолд АОУС-ыг заавал дагаж мөрдөхийг шаардахгүй. Аудитор нь өөрийн гүйцэтгэж буй аудитад холбогдох бүх стандартыг дагаж мөрдсөн тохиолдолд л АОУС-ыг баримталсан гэж тайлагнана.
Мэргэжлийн үл итгэх байр суурь
Аудитор аудитыг төлөвлөж, гүйцэтгэхдээ санхүүгийн тайланг материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэхэд хүргэсэн нөхцөл байдал байж болзошгүй гэсэн мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандана. Мэргэжлийн үл итгэх хандлага гэдэг нь нотлох зүйлийн хүчин төгөлдөр эсэхэд хянуур хандахыг хэлнэ. Тухайлбал, - сэжигтэй нөхцөл байдлыг анзаарахгүй өнгөрөх, - ажиглалтаас дүгнэлт хийхдээ хэт ерөнхийлөх, - аудитын горим, хугацаа, цар хүрээг тодорхойлох, тэдгээрийн үр дүнг үнэлэхдээ алдаатай төсөөлөлд автах зэргээс сэргийлэхийн тулд мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандана. Үйлчлүүлэгч байгууллагын удирдлагыг шударга бус, эсвэл эргэлзэх зүйлгүй шударга гэж төсөөлж болохгүй. Иймээс, үйлчлүүлэгчийн удирдлагын тайлбар мэдэгдлийг үндэслэлтэй дүгнэлт хийж болохуйц хангалттай, тохиромжтой нотлох зүйл гэж үзэхгүй.
Үндэслэлтэй баталгаа
АОУС-ын дагуух аудит нь тухайн санхүүгийн тайлан бүхэлдээ материаллаг буруу илэрхийллээс ангид гэсэн үндэслэлтэй баталгаа гаргахад зориулагдана. Үндэслэлтэй баталгаа нь санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийлэл агуулаагүй гэж дүгнэхэд шаардагдах аудитын нотлох зүйл цуглуулахтай холбоотой ойлголт юм. Үндэслэлтэй баталгаа нь аудитын бүх үйл явцад хамаарна.
Аудитор нь бүрэн, төгс баталгааг олж авч чаддаггүй. Учир нь үүнд нөлөөлөх уламжлалт хязгаарлалтууд аудитад байдаг. Тухайлбал, - Сорил ашиглах, - Дотоод хяналтын уламжлалт хязгаарлалтууд /удирдлагын зүгээс дотоод хяналтыг үл тоомсорлох, хуйвалдах гэх, мэт/, - Ихэнх нотлох зүйлс эцсийн шийдвэрлэх гэхээсээ илүү ятгах, итгүүлэх шинжтэй. Аудитор дүгнэлтээ гаргахад, ялангуяа дараах зүйлсийн хувьд оновчтой шийдэл байнга шаарддаг. а/ Аудитын нотлох зүйл цуглуулах, горимуудын мөн чанар, цаг хугацаа, цар хүрээг тодорхойлох, б/ Аудитор цуглуулсан нотлох зүйлдээ үндэслэн дүгнэлтээ гаргах, санхүүгийн тайланг бэлтгэхэд удирдлагын зүгээс хийсэн тооцооллын үндэслэлийг үнэлэх.
Түүнчлэн холбоотой талуудын хооронд хийгдсэн ажил гүйлгээ гэх мэт нотлох зүйлийн үнэмшилтэй байдалд нөлөөлж болох хязгаарлалтууд байдаг.
Аудитын эрсдэл ба материаллаг байдал
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн хөтлөхөд янз бүрийн эрсдэл учирч байдаг. Удирдлагын нэг гол үүрэг бол эдгээр эрсдлийг үнэлж оновчтой шийдвэр гаргах явдал юм. Аудиторын хувьд санхүүгийн тайланд нөлөөлж болох тэрхүү эрсдлийг анхаарч үздэг.
“Аудитын эрсдэл” гэж санхүүгийн тайлан материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдсэн нөхцөлд аудитор тохиромжгүй дүгнэлт өгөх эрсдлийг хэлнэ. Аудитор нь аудитын эрсдлийг бололцоот хамгийн бага түвшинд байхаар аудитыг төлөвлөж гүйцэтгэнэ. Материаллаг байдлын хувьд “Аудитын материаллаг байдал” гэсэн 320 дугаар стандарт бий. Аудитын эрсдлийг санхүүгийн тайлангийн түвшинд болон тодорхой ажил гүйлгээ, дансны үлдэгдлийн хувьд үнэлж үздэг. Аудитын эрсдэл нь уламжлалт, хяналтын, илрүүлэлтийн эрсдэл гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
“Уламжлалт эрсдэл” гэж холбогдох дотоод хяналт байхгүй гэж үзвэл дансны үлдэгдэл, ажил гүйлгээний анги дангаараа, эсвэл бусад дансны үлдэгдэл, ажил гүйлгээний анги дахь буруу илэрхийлэлтэй нийлж материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдэж болох эрсдлийг хэлнэ. Энэ эрсдэл зарим төрлийн ажил гүйлгээ, дансны үлдэгдэлд илүү байх магадлалтай. Тухайлбал, нарийн төвөгтэй тооцоололд энгийн тооцооллоос илүү алдаа гарсан байх магадлал байна.
“Хяналтын эрсдэл” гэж дансны үлдэгдэл, ажил гүйлгээний ангид гарч болох бөгөөд дангаараа эсвэл бусад алдаатай илэрхийлэгдсэн дансны үлдэгдэл, ажил гүйлгээтэй нийлэхээрээ материаллаг байж болох буруу илэрхийллийг үйлчлүүлэгчийн дотоод хяналтын тогтолцоо цаг тухайд нь сэргийлж, илрүүлж, засаж залруулж чадахгүй байх эрсдлийг хэлнэ. Дотоод хяналтын уламжлалт хязгаарлалт байдлаас болоод хяналтын эрсдэл тодорхой хэмжээнд байдаг. Уламжлалт болон хяналтын эрсдэл нь аудитораас хамаарахгүйгээр үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд оршин байдаг. Гагцхүү эдгээрийг үнэлж аудитаа төлөвлөх, аудитын горимоо сонгоход харгалзан үзнэ.
“Илрүүлэлтийн эрсдэл” гэж дансны үлдэгдэл, ажил гүйлгээний ангид байгаа бөгөөд дангаараа эсвэл бусад алдаатай илэрхийлэлтэй нийлэхээрээ материаллаг байж болох буруу илэрхийллийг аудиторын ашиглаж буй горим илрүүлж чадахгүй байх эрсдлийг хэлнэ. Илрүүлэлтийн эрсдлийг тэг хүртэл бууруулах бололцоогүй. Учир нь аудитор бүх ажил гүйлгээ, бүх үлдэгдэл, бүх тодруулгуудыг шалгадаггүй. Илрүүлэлтийн эрсдэл нь аудиторын өөрийнх нь хэрэгжүүлж буй горимын мөн чанар, цаг хугацаа, цар хүрээнээс хамаарах тул бололцоотой доод түвшинд хүртэл бууруулахыг эрмэлзэх шаардлагатай.
Санхүүгийн тайлангийн талаар хүлээх үүрэг хариуцлага
Аудитор нь санхүүгийн тайлангийн талаар өөрийн санал дүгнэлтийг гаргаж, илэрхийлэх үүрэгтэй. Уг санхүүгийн тайланг бэлтгэж танилцуулах үүргийг үйлчлүүлэгч байгууллагын удирдлага хүлээнэ. Санхүүгийн тайланд хийсэн аудит нь удирдлагыг энэхүү үүрэг хариуцлагаас нь чөлөөлөхгүй. Үйлчлүүлэгчийн удирдлага нь санхүүгийн тайлангаа бэлтгэх бүртгэл тайлагналын үзэл баримтлал, бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ. Тэдгээр үүрэг хариуцлагад дараах зүйлс орно. - Санхүүгийн тайлагналыг алдаа, залилангаас сэргийлж чадахуйц дотоод хяналтын тогтолцоог тодорхойлж хэрэгжүүлэх, - Нягтлан бодох бүртгэлийн оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, - Тодорхой нөхцөл байдалд зохистой нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийх. Санхүүгийн тайлагналын зохимжтой байдлыг тодорхойлох Аудитор нь үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлагналын үзэл баримтлал зохимжтой эсэхийг тодорхойлно. Байгууллагын өмчлөл, мөн чанартай санхүүгийн тайлагналын үзэл баримтлал нь нийцэж байгаа эсэхийг харгалзана. Зарим тохиолдолд санхүүгийн тайлан нь тусгай хэрэглэгчдэд зориулагдан бэлтгэгддэг. Жишээ нь, татварын зорилгоор татварын албанд, тусгай чиг үүрэг бүхий засгийн газрын агентлагын шаардлагад нийцүүлэх гэх мэт. Дийлэнхдээ санхүүгийн тайлан нь нийт хэрэглэгчдэд зориулагдан бэлтгэгддэг. Үүнийг нийтлэг зорилго бүхий санхүүгийн тайлан гэдэг. Нийтлэг зорилго бүхий санхүүгийн тайлан нь дараах шаардлагуудыг хангасан байна. - Учир холбогдолтой байх. Санхүүгийн тайланд тусгагдсан мэдээлэл нь байгууллагын онцлог, мөн чанар, санхүүгийн тайлангийн зорилготой нийцсэн байх ёстой. - Иж бүрэн байх. Санхүүгийн тайланд тусгагдах ёстой зүйлс бүрэн тусгагдсан байх. - Найдвартай байх. Зөвхөн хууль эрх зүйн хувьд төдийгүй, үнэлгээ, хэмжилт, толилуулга, тайлагналын хувьд найдвартай байх. - Төвийг сахих. Санхүүгийн тайлагнал нь нэг талыг барих явдлаас ангид байх. - Ойлгомжтой байх. Мэдээлэл хэрэглэгчдэд ойлгомжтой, аль болох энгийн байх.
Санхүүгийн тайлангийн талаар санал дүгнэлтээ илэрхийлэх нь
Үйлчлүүлэгч байгууллага санхүүгийн тайлагналын үзэл баримтлалдаа нийцүүлэн санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх талаар санал дүгнэлтээ илэрхийлнэ. Санал дүгнэлтээ илэрхийлэхдээ “Санхүүгийн тайлангийн талаарх аудиторын тайлан” – АОУС 700, “Аудиторын тайлангийн сайжруулалт” – АОУС 701, “Тусгай зориулалтын аудитын ажлын талаарх аудиторын тайлан” – АОУС 800 зэрэг стандартыг баримтална.
 |